ТАНЫ ХҮҮХЭД "ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛЖ ЧАДДАГ УУ?

0
хуваалцах
967
үзсэн

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэх, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн нас залуужиж байгаад бидний санаа зовж байна. Тиймээс ч Хар тамхитай тэмцэх газар маань энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхдээ шинэ бүтцээр, илүү шинжлэх ухаанч байдлаар хандах зорилгоор эм зүйч, химич, ургамал судлаач, тандалт судалгаа болон сэтгэл зүйчийн орон тоог батлуулсан. Ингэснээр бид зөвхөн үр дагавар биш шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэхэд чиглэн ажиллаж байна. Дийлэнх тохиолдолд өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө таньж мэдэж амжаагүй, үнэт зүйлээ ч тодорхойлоогүй, төлөвшил нь явагдаж байгаа энэ үед анхлан хэрэглэж байна.

Хүүхдээ энэ төрлийн бодисын хэрэглээнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хамгийн том арга бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, зөв эрүүл харилцаа юм. Хүүхдүүд ихэвчлэн сонирхлын улмаас, гэр бүлийн таагүй уур амьсгалаас хөндийрөх, өөрт үүссэн таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлийг даван туулах, найз нөхдийнхөө хүндлэлийг хүлээх, тэдэнд илүү бие даасан, том болсон гэдгээ мэдрүүлэх, аюул эрсдэлийг даван туулж чадна гэдгээ харуулах хүсэлдээ автан туршиж үзэх маягаар хэрэглэж байна. Гэвч дараа, дараагийн удаа, тун давтамж нь ар араасаа хүлээгээд хамаарал үүсгэдэг.

Дийлэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ анзааралгүй явсаар манайд шалгагдахад л мэдэж байна. Гэтэл олон улсад хийсэн судалгаагаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээд шалгагдаж байгаа хүүхдүүд баригдахаасаа 6 сараас 2 жил хүртэл хугацааны өмнөөс хэрэглэж эхэлсэн, хэрэглэгч болсон байдаг. Энэ хугацаанд хүүхдийн сонирхлын хүрээ хумигдах, нууцлаг болох, ядрангуй болох, нойр хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхины хэрэглэгч болсон, шалгагдаж байгааг анх сонсоод маш их хямардаг. Өөрийгөө болон хүүхдээ буруутгах, хүмүүсээс ичих, нуух хүсэл төрдөг, бүх хичээл зүтгэл нь талаар болсон, дэмий зүтгэсэн мэт санагддаг, эсвэл найз нөхдийг нь шууд буруутгадаг, заналхийлдэг гэх мэт сэтгэл санааны хямрал үүсч, гэр бүлийн уур амьсгал огцом мууддаг. Хэрвээ эцэг эх нь салсан тусдаа байдаг бол бие биенээ буруутгадаг гэх мэтээр гэр бүл тэр чигээрээ хямралд ороод бусад гишүүдэд, ялангуяа хүүхдүүдэд хүндээр тусдаг. Энэ тохиолдолд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэснээр гэр бүлийн уур амьсгалд эерэгээр нөлөөлөх, шалгагдаж байгаа хүүхдэд хандах хандлага хэвээр үлдэх, бусад хүүхдүүдэд хэрэглэж үзэх хүсэл төрөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Иймд тус газраас “хасах 25” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Энэ төсөл маань 25 хүртэл насны хүүхдийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх, тэдний эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхижуулах, хамтын ажиллагааг сайжруулах, өсвөр үе, залуучуудад зөв, бодит мэдээлэл түгээх зэрэг олон талт арга хэмжээг явуулснаар 25 хүртэл насны хүүхэд, залуучуудыг хамгаалахад чиглэгдэж байгаа юм.

Хүүхэд маань өөрөө сэтгэл зүйн хувьд хүчирхэг, дотоод итгэл үнэмшилтэй, эцэг эхээс хангалттай хэмжээний тусламж дэмжлэгийг авч чаддаг тохиолдолд үе тэнгийнхний, уруу татагчдын хэлсэн бүхнийг даган дуурайхгүй, өөрийгөө хамгаалж чадна. Энэ итгэл үнэмшил, тусламж дэмжлэг бүхий орчныг гэр бүл, сургуулийн орчинд бүрдүүлэх нь “хасах 25” төслийн маань зорилго юм. Сургуулийн орчинд багш, нийгмийн ажилтныг чадавхижуулах, тэдэнд хар тамхины талаар бодит, үнэн зөв мэдээллийг өгч хамтран ажилласнаар сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх, эцэг эхийг чадавхижуулж, зөв мэдлэг олгож, сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлснээр гэр бүлийн орчинд урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдэх юм. Цаашлаад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд Хүүхдийн эрхийн байнгын хорооны гишүүдтэй хамтран шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эцэст нь эцэг эхчүүдэд хандаад хэлэхэд

  • Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох
  • Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
  • Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эерэгээр даван туулах суурь болдог.
  • Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах
  • Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.